Сургуулийн холболт

12/12/09

хөгжил ба монгол улс

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны нээлтэнд
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын хэлсэн үг

Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулагдаж албан ёсны нээлтээ хийж байгаатай холбогдуулан Та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажилд тань амжилт хүсье.

Энэхүү хороог Монгол Улсын төсвийн байдал тааруу, яамд, агентлагуудын бүтэц орон тоог цөөлж байх энэ эгзэгтэй үед байгуулж байгаагийн учир юу вэ гэвэл улсын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийх байгууллага зайлшгүй байх шаардлагатай байгаа юм.

Тус хороог байгуулах саналыг Улсын Их Хуралд өргөн барихад татгалзсан гишүүн нэг ч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл УИХ та бидний үйл ажиллагааг эхнээс нь дэмжиж, их итгэл найдвар хүлээлгэж байгаа юм.

Шинэ зорилт, шаардлагаас үүдэн шинээр байгуулагдан ажиллаж буй танай байгууллагын удирдлага, хамт олонд үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зорилго, цаг үеийн шаардлага, хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар өөрийн санаа бодлыг товч хэлж, үүрэг даалгавар өгье.

Нэн түрүүнд Та бүхэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн, эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын хүрээнд зохицуулагдсан, урт, дунд богино хугацааны төлөвлөлтүүдийг хийж, төр засгаас гарах бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.

Мөн Монгол Улсын хөгжлийн стратегийн загвар, тэргүүлэх чиглэл болон стратегийн зорилтуудыг дэлхий нийтийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн хандлагатай уялдуулан тодорхойлж, улс орны хөгжлийг нэгдсэн бодлогоор уялдуулан зохицуулах нөхцлийг бүрдүүлэх;

-Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн бүтцийн өөрчлөлтийн болон эдийн засгийн шинэтгэлийн бодлогыг хугацаа алдалгүй боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

-Салбар хоорондын бодлогын уялдаа зохицуулалтыг шууд хариуцан ажиллах, түүний хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хөрөнгө санхүү, ажиллах хүч, бусад нөөц бололцоог хамгийн үр өгөөжтэй, оновчтойгоор төвлөрүүлэн ашиглах гол хөшүүрэг болгон хувиргах;

-Дэвшилтэд технологи, инновацид түшиглэсэн өндөр бүтээмжтэй, экспортод чиглэсэн аж үйлдвэрийн салбар, дэд бүтцийг, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар Үндэсний хөгжлийн цогц бодлогод тодорхойлсон мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулахад гол анхаарлаа хандуулах;

- Байнга хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн эдийн засгийн байдал, хөгжлийн хандлага, эдийн засгийн гадаад дотоод орчны судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийж, дээд зэргээр мэдрэмжтэй байх, тохиолдож болох аливаа эрсдлийг урьдчилан харсан, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээг тусгасан, дунд, урт хугацааны даацтай бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь Та бүхний үндсэн үүрэг байх болно.

Оюу Толгойн орд газрыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа энэ үед хөгжлийн цогц бодлого зайлшгүй хэрэгтэй нь харагдаж байна. Асар их хэмжээгээр шаардлагатай усны нөөцийг хэрхэн хангах вэ, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон асуудал анхаарлын төвд байгаа.

Жишээ нь, Төвийн шугамнаас татсан цахилгааны хүч Оюу Толгойн уурхайн хэрэгцээг хангаж чадахгүй. Иймд Шивээ-Овоо дахь уурхайн дэргэд цахилгаан станц барих зэрэг олон асуудлууд шийдвэрлэгдэх хэрэгтэй байна. Энэ бүхэнд л танай хорооны салбар хоорондын уялдааг хангасан бодлого, үйл ажиллагаа чухал байгаа юм.

Мөн би танай хороог гадаадын улс орнуудын ижил төстэй төрийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай нягт холбоотой ажиллана гэж ойлгож байна.

Дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүйн тулд бусад орнуудын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанаас ухаалгаар суралцан, өөрт хэрэгтэй туршлага, зүйлийг бодитойгоор тусган авч, магадгүй зарим зүйл дээр илүү сэтгэж, шинэ шийдлийг олохын тулд хязгаарлагдмал ч гэсэн байгаа нөөц, бололцоогоо дээд зэргээр ашиглах нь чухал болж байна. Үүний дотор тулгамдсан гол асуудлуудаа зөв тодорхойлж, хөгжлийн тэргүүлэх салбаруудад бодлого, төлөвлөлт, хөрөнгө мөнгөө төвлөрүүлэх замаар эдийн засаг, нийгмээ эрчимтэй хөгжүүлэх шаардлага онцгой анхаарал татаж байна.

Мэдээж Та бүхэн шинээр дөнгөж байгуулагдсан тул зовлон бэрхшээл ихээхэн тулгарч байгааг ойлгож байна. Бусад яамд, төрийн байгууллагуудтай харьцах зарчим тогтоогүй, хамтран ажиллах суурь тавигдаагүй байгаа байх. Гэвч энэ бүгдийг даван салбар яамдуудын бодлогыг нэгтгэн, хоорондын уялдаа холбоог сайжруулж өгөх хэрэгтэй.

Нэг үгээр хэлбэл Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг шийдвэрлэхэд салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлж, тэдгээрийн хоорондын үйл ажиллагааг зохицуулах үндсэн байгууллага байх учиртай юм.

Цэргийн хүний үгээр хэлбэл би Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Монгол Улсын эдийн засгийн бодлогын “Жанжин штаб” гэж нэрлэмээр байна. Энгийн хүний үгээр бол танай байгууллага төрийн эдийн засаг, нийгмийн бодлого, хөгжлийн хөтөч байгууллага байх ёстой юм. Иймд танай байгууллагад онцгой шаардлага тавигдаж, чадварлаг өндөр боловсролтой боловсон хүчин ажиллах ёстой.

Төгсгөлд нь тэмдэглэхэд ийнхүү ХХI зуун дахь улс орны хөгжлийн ирээдүй зөв бүтцийг тодорхойлох, түүнд хүрэх зам, чигийг нь боловсруулж, бодлогоор хэрэгжүүлэх асар чухал, хариуцлагатай ажил Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлага, хамт олны өмнө зогсож байгаа бөгөөд Та бүхнийг энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би Та бүхний ажлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно.

Ингээд шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байгаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны удирдлага, хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин ажлын амжилт хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment